Монгол Улсын болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд, БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй “Монгол–Солонгосын хамтарсан ховор металлын судалгааны төв байгуулах төсөл” 2023 онд эхэлсэн бөгөөд 2025 оны арваннэгдүгээр сард төвийн нээлтээ хийхээр төлөвлөгдөөд байна.

Төслийн гүйцэтгэгчээр Солонгосын Геологи, эрдэс баялгийн хүрээлэн (KIGAM)-ийн судалгааны баг болон Монголын талаас Геологийн судалгаа шинжилгээний төв ТӨҮГ хамтран ажиллаж, байгууламжийг бүрэн бэлтгэх ажлыг амжилттай хэрэгжүүлж байна.

Тус судалгааны төвийг Геологийн судалгаа шинжилгээний төв ТӨҮГ-ын дэргэд байгуулж, газрын ховор элемент болон ховор металлын хүдрийг баяжуулах технологийг хамтран судлах, Солонгосын дэвшилтэт баяжуулах технологийг нутагшуулах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаа өрнүүлэхээр зорьж байна.

Мөн энэхүү төв нь хоёр орны аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлж, инноваци, технологийн солилцоог дэмжих, судалгаа шинжилгээний шинэ боломжийг нээх ач холбогдолтой юм.

Төслийн зохицуулагч нар хамтарсан төслийн үйл ажиллагаа төлөвлөгөөний дагуу амжилттай хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, цаашид геологийн судалгаа шинжилгээ болон уул уурхайн салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа тэмдэглэлээ.




