Skip links

Захирал Б.Энхтөр

Манай байгууллага 1957 онд Эрдэм шинжилгээний төв лаборатори нэртэйгээр байгуулагдаж, 1974 онд шинэ байр, шинэ тоног төхөөрөмж, шинэ арга аргачлалыг нэвтрүүлэн, 1993 оноос Геологийн судалгааны чиглэлээр улсын төсөв, гадаад хамтын ажиллагаа болон хувийн хөрөнгөөр 100 гаруй төслийг амжилттай хэрэгжүүлсэн.
2023 онд Геологийн судалгаа-шинжилгээний төв болон өргөжиж геологийн судалгаа, эрэл-хайгуул, лабораторийн шинжилгээний ажил эрчимжихтэй зэрэгцэн улсын хэмжээнд ашигт малтмал, эрдэс баялагийн нөөцийг тогтооход бодитой хувь нэмэр оруулсаар байна.
Геологийн судалгаа-шинжилгээний төв ТӨҮГ нь геологийн судалгааны ажлыг орчин үеийн геологи-тектоник, геофизик, геохимийн аргуудаар гүйцэтгэж, лабораторийн шинжилгээний ажилд ISO/IEC 17025, ISO 17034, ISO/IEC 17043 стандартуудыг нэвтрүүлсэн, дэвшилтэт төхөөрөмж, арга аргачлал, хүний нөөцөөр хангагдсан 66 жилийн түүхтэй мэргэжлийн байгууллага юм.
Эх орныхоо ашигт малтмал, газрын хэвлийн судалгаа, шинжилгээг дэлхийн түвшинд хүргэх хариуцлагатай үйлсэд Та бүхэнтэй хамтран ажиллахад бид үргэлж бэлэн байна.

Геологийн судалгаа-шинжилгээний төв нь региональ судалгаа, геологийн зураглал болон эрэл, геохими гидрогеологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд геологийн болон сансарын иж бүрдэл зураг боловсруулах орчин үеийн программ хангамж, өндөр мэдрэмжтэй тоног төхөөрөмжөөр тоноглогдсон мэдээлэл боловсруулах хэсэг, өрөмдлөгийн 2 машин бүхий нэгдсэн бригад, 30 гаруй машин техниктэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

1:50’000-ны масштабтай геологийн зураглал ерөнхий эрлийн 64 ажил, 1:200’000-ны масштабтай геологийн зураглалын 4 ажил,  Монгол улсын нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамарсан “Монгол Улсын Геологийн Зураглал-500” 1:500‘000-ны масштаб бүхий геологийн иж бүрдэл зураг, гидрогеологийн зураг болон 1:1’000’000-н масштаб бүхий геоморфологийн зургуудыг тус тус боловсруулсан. “Сансар-2013” төслөөр Монгол улсын хэмжээнд 1:200’000-ны масштабтай сансрын зургийн нэгдсэн боловсруулалтыг хийж гүйцэтгэсэн.

Манай олон улсын хамтын ажиллагааны хүрээнд  БНХАУ, ОХУ, Монгол улс, БНСУ, БНКазУ улсуудын хамтарсан “Хойд Төв, Зүүн Азийн гүний геологийн процесс ба металлогени” төсөл 2,3,4,5-р үе шат,  ”Монгол улс ба БНХАУ-ын хилийн дагуух бүсэд 1:1 000 000-ын масштабтай геологийн зургуудын атлас” төслөөр 2 улсын хилийн дагуух талбайд хийгдсэн 1:1 000 000-н масштабтай геологи болон геохимийн  судалгааг хилийн зурвасаас хааш хаашаа 100 км хүртэлх нутаг дэвсгэрт хийж гүйцэтгээд байна. Японы “Жайка”-ийн болон Монголын засгийн газар хоорондын техник хамтын ажиллагааны хүрээнд 1:200,000-ны масштабтай региональ геологи, металлогений иж бүрэн судалгааны “Монголын Геологи Эрдэс Баялагийн Хүрээлэн” төсөл, Чехийн геологийн албатай хамтран Баруун Өмнөд Монгол, Алтайн өвөр говийн дүүрэгт 1:200,000-ны масштабтай геологийн судалгааны ажил, Замтын нуруу-50 төсөл, Монгол Алтайн талбайд 1:50,000-ны масштабын ГЗЕЭА. Герман-Монголын техникийн хамтын ажиллагааны “Металл бус ашигт малтмалыг илрүүлэх, судлах” төсөл. Гичгэний талбайд Монгол-Солонгосын хамтарсан “Ашигт малтмалын судалгаа” төсөл зэргийг нэрлэж болохоор байна.

Одоогийн байдлаар Дэлхийд тэргүүлэгч Икскалибур Авиашн Австрали компанитай хамтран агаарын цахилгаан соронзон долгионы арга аргачлалаар “Ханбогд-2023” төслийг хэрэгжүүлж байгаа ба геологийн судалгааны  “Эрэл үнэлгээ-4” ,”Торлог уул-50”, ”Овоот толгой-50”, “Өндөр технологийн түүхий эд-1”, “Хойт-Төв-Зүүн Азийн гүний геологийн процесс ба металлогени” төслийн V үе шат, Геологийн баримтын төв архивын эрэл хайлтын дотоод программыг сайжруулах, цахим үйлчилгээг нэвтрүүлэх зорилгоор Цахим архив-1. Бүгд Найрамдах Польш Улсын Геологийн хүрээлэнтэй хамтарсан “Бэлийн булаг, Задгай булаг дахь молибден, гянтболдын судлах тойм судалгаа” төсөл. БНСУ-н Геологи Эрдэс Баялгийн хүрээлэнтэй (KIGAM) хамтарсан “Төмөр замын трансын дагуух тодорхой бүс нутгийн ашигт малтмалын нөөц, хэтийн төлвийг судлах” болон “Хаг” төслүүдийг амжилттай хэрэгжүүлэн ажилласаар байна.

Лабораторийн шинжилгээний чиглэлээр:

Монгол улсын нутаг дэвсгэр дээр хийгдэж буй геологийн судалгаа болон хайгуулын ажил, олборлолт, түүний боловсруулалт, ашиглалтын бүх үе шатны ажилд зайлшгүй шаардлагатай лабораторийн шинжилгээг эрдсээс нь эхлэн элементийн түвшинд үндэсний болон олон улсын батлагдсан стандарт арга аргачлалын дагуу, орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж  (ICP-OES, ICP-MS, XRF) -үүдийг ашиглан хийж гүйцэтгэж байна.

Лабораторийн шинжилгээний үр дүн нь дэлхийн 100 гаруй оронд хүлээн зөвшөөрөгдсөн, MNS ISO/IEC17025, ISO 17034, MNS ISO/IEC17043 гурвалсан стандартыг чанарын удирдлагын тогтолцоондоо нэвтрүүлэн, нарийвчлалтай үнэн зөв, хараат бус, шинжилгээний үр дүнгээр харилцагчдаа ханган ажиллаж байна. Ашигт малтмалын технологийн туршилт, хяналтын сорьцлолтын ажлыг гүйцэтгэж байна.

2012 оноос ISO 17034 стандартын шаардлагын дагуу АНУ-ын Үндэсний итгэмжлэлийн байгуулага (ANAB)-аар олон улсын түвшинд итгэмжлэгдсэн бөгөөд Монгол орны чулуулаг, хүдэр, баяжмал, хөрс, нүүрс, үнс зэрэг эрдсийн түүхий эдийн  114 төрлийн стандартчилсан загварыг үйлдвэрлэж дэлхийн зах зээлд 6 дистрибьютер байгууллагаар дамжуулан худалдан борлуулж байна. Монгол улсын засгийн газрын 44-р тогтоолын дагуу 2013 оноос уул уурхайн экспортын бүтээгдэхүүний хөндлөнгийн хяналт болон гаалийн хяналтын шинжилгээг гүйцэтгэж байна. 2015 оноос ISO 17043 стандартын шаардлагын дагуу нүүрс, хүдэр, усны дээжүүдээр лабораториудын ур чадварын сорилтын хөтөлбөрийг явуулж байна.

Байгууллагын хэмжээнд  геологич, геофизикч, физикч, химич, баяжуулагч, минералогич, петрографич зэрэг нарийн мэргэжлийн, олон жилийн дадлага туршлагатай инженер техникийн баг хамт олон ажиллаж байна.