Түүхэн замнал
1957
Геологийн төв лаборатори анх Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлийн 1957 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 461 дүгээр тогтоолоор Дорнодын геологийн экспедицийн дэргэдэх лабораторийг Шинжлэх ухаан дээд боловсролын хүрээлэнгийн химийн лабораторитой нэгтгэн “Эрдэм Шинжилгээний Төв Лаборатори” нэртэйгээр байгуулагдсан. Тэр үедээ хими, спектр-рентген, минералоги, өнгөлөх, бутлах тасгууд, ус, инженер геологи, геофизик, нүүрс, нефть, пьезооптик, алт мөнгөний гэсэн бүтэцтэй, 59 хүний орон тоотой ажиллаж эхэлснээс 42 нь Монгол, 17 нь Зөвлөлтийн мэргэжилтнүүд байжээ. Лабораторийн шинжилгээ судалгааны ажлыг гүйцэтгэх үндэсний мэргэжилтнийг бэлтгэх ажилд лаборатори байгуулагдсан цагаас нь эхлэн Зөвлөлтийн мэргэжилтнүүд оролцсон бөгөөд тэдний оролцоотойгоор шинжилгээний ажлыг иж бүрэн хийж байсан.
1968
Эрдэм шинжилгээний лабораторийн Ерөнхий инженерээр анх удаа монгол мэргэжилтэн томилогдсон
1969
Нийт ажиллагсдын тоо 97 болж, үүнээс дээд боловсролтой, үндэсний мэргэжилтэн 43 байжээ.
1974
ЗХУ-ын 100 хувийн техник, эдийн засгийн тусламжтайгаар баригдсан тухайн үеийн дэвшилтэт багаж төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон лабораторийн томоохон баазыг ашиглалтад оруулж, химийн лаборатори, минералоги-петрографийн лаборатори, спектрийн тасаг, хүдрийн бус ашигт малтмал, инженер геологийн тасаг, технологи шинжилгээний тасаг, нүүрс химийн тасаг, алт мөнгөний тасаг, палеонтологи-палинологийн тасаг, буилах цех, засвар үйлчилгээний тасаг, аргачлал туршилтын тасаг гэсэн бүтцээр ажиллаж эхэлсэн. Энэ үед химийн шинжилгээний сонгодог, уламжлалт арга, спектрийн хагас тоон шинжилгээ, минералоги, петрограф, гидрогеологи, хүдрийн биш ашигт малтмал, нүүрс хими, технологи туршилт зэрэг бүх шинжилгээг иж бүрэн хийж эхэлсэн байна.
1979
1976-1979 онуудад Эрдэнэтийн зэс; Хар айраг, Хажуу улаан, Зүүн цагаан дэлийн хайлуур жонш; Их алт, Ялбаг, Бугантай, Ерөө, Бүхлээ, Баянхонгорын алт; Модотын цагаан тугалга; Цагаан суварга, Оюутын зэс молибден, хром, никель, кобальт; Эрдэнэцагаан, Түмэнцогт, Цагаан даваа, Онгонхайрхан, Их хайрхан, Егүзэрийн вольфрам, молибден, берилли; Салхитын полиметалл; Өвдөг худаг, Таван толгой, Налайх, Шарын голын нүүрс; Шүдэн уул, Сангийн далайн давс; Дарханы гантиг, гөлтгөнө; Шарын гол, Чойрын керамзит, шавар зэрэг эх орны чухал эрдэс түүхий эдийн шинжилгээг хийж, геологийн албаны төлөвлөгөөт бүх шинжилгээг хийж байсан
1980
Геологийн төв лаборатори дэргэдээ Өнгөт чулууны ангийг ажиллуулж эхэлсэн
1989
1980-1989 онуудад улсын хэмжээнд зарлан явуулж байсан 10 удаагийн болзолт уралдааны долоод нь шалгарч улсын тэргүүний байгууллага, хамт олон болж байсан.
1990
1986-1990 онуудад Бороо, Цагаан суварга, Таван толгой, Бор өндөр, Хажуу улаан, Бэрхийн ордуудын урьдчилсан болон нарийвчилсан хайгуулын ажлын лабораторийн шинжилгээг иж бүрнээр нь хийж байсан.
1990
Дархан, Мөрөн, Дорнод, Баянхонгор, Чойрын экспедицийн дэргэдэх лабораториудыг техник, тоног төхөөрөмж, арга аргачлал, аж ахуйн хувьд бэхжүүлэн, боловсон хүчнийг сургаж дадлагажуулан, тухайн лабораторид хийгдэж байсан шинжилгээний ажлыг Геологийн төв лабораторийн хэмжээнд хүргэж чадсан учир Дарханы лабораторийг 1989 онд, бусад лабораторийг 1990 онд нэгдсэн зохион байгуулалттайгаар орон тоо, үндсэн хөрөнгийн хамт харъяа экспедицүүдэд шилжүүлэн өгсөн байна
1993
Геологи Эрдэс Баялагийн сайдын 1993 оны 01 сарын 18-ны өдрийн 09 тоот тушаалаар “Цахиур” УҮГ-ыг шинээр зохион байгуулж, хожим Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайдын 1997 оны А/304 тоот тушаалаар төрийн өмчийн оролцоотой “Цахиур” компани, Геохими, Геофизикийн судалгааны товчоог нэгтгэн “Геологийн судалгааны товчоо” ТӨҮГ-ыг байгуулсан
2000
Худалдаа үйлдвэрийн сайдын 2000 оны 11 дүгээр сарын 03 өдрийн А/29 тоот тушаалаар Геологийн судалгааны товчоо ТӨҮГ-ын нэрийг Геологийн судалгааны төв ТӨҮГ болгон өөрчилсөн
2001
Олон улсын Геоаналитикчдын нийгэмлэг (ОУГАН)-ийн гишүүнээр элссэнээс хойш олон улсын аналитик геохимийн лабораториудын ур чадварыг сорих GeoPT сорилд зохион бүтээж байгаа стандартчилсан загварын дээжүүдээ сорилтын дээжээр тараан оролцох болсон
2004
MNS ISO/IEC 17025 2004 онд “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага” стандартын дагуу Стандарт хэмжил зүйн үндэсний төвийн итгэмжлэлийн газраас Монгол улсын хэмжээнд анхны MNS ISO/IEC 17025:2002 стандарт нэвтрүүлсэн байгууллага гэрчилгээ авсан
2005
ISO/IEC 17025 ХБНГУ-ын итгэмжлэлийн DAP байгууллагаар ISO/IEC 17025 “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага” стандартаар 2005 оны 6 сард Олон улсын түвшинд итгэмжлэгдсэн
2008
Өмнөд Африкийн Бүгд найрамдах улсын Industrial Analytical компанитай анх удаа дистрибьютерийн гэрээ байгуулж, Геологийн төв лабораторид үйлдвэрлэсэн аттестатчилсан стандартчилсан загваруудыг олон улсад борлуулж эхэлсэн.
2012
ISO/IEC 17034 2007-2012 онд Монгол-Германы засгийн газар хоорондын техникийн хамтын ажиллагааны хүрээнд ХБНГУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамны санхүүжилтээр Геошинжлэх ухаан, байгалийн нөөцийн хүрээлэн (BGR)-тэй хамтран хэрэгжүүлсэн “Стандартчилсан загварын аттестатчилал” техникийн хамтын ажиллагааны хоёр үе шаттай төслийн үр дүнд ISO Guide 34 “Стандартчилсан загварын үйлдвэрлэгчдэд тавих ерөнхий шаардлага” стандартын дагуу АНУ-ын Үндэсний итгэмжлэлийн байгууллага (ACLASS)-аар Стандартчилсан загвар үйлдвэрлэгчээр олон улсын түвшинд итгэмжлэгдсэн
2012
Геологийн төв лабораторийн 55 жилийн ойг тохиолдуулан “Эрдэс баялаг-Стандартчилсан загвар” сэдэвт олон улсын хурал зохион байгуулав.
2013
Монгол Улсын засгийн газрын 2013 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Экспортын бүтээгдэхүүнд хөндлөнгийн хяналт хийлгэх тухай” 44 дүгээр тогтоолын дагуу Оюу толгой ХХК-ийн экспортонд гаргах бүтээгдэхүүнд хөндлөнгийн хяналтын шинжилгээг гүйцэтгэж эхэлсэн
2014
CGL PT01 “Нүүрс”, CGL PТ02 “Хүдэр”-ийн ур чадварын сорилтын хөтөлбөрүүдийг жил бүр нэг тойргоор тогтмол зохион байгуулж, дотоод болон гадны оролцогчдыг хамруулж эхэлсэн
2015
ISO/IEC 17043 ХБНГУ-ын Геошинжлэх ухаан, Байгалийн нөөцийн хүрээлэн (BGR)-тэй хамтран 2013-2015 онд хэрэгжүүлсэн “ГТЛ-д ур чадварын сорилтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх” төслийн үр дүнд “Тохирлын үнэлгээ - Ур чадварын сорилтод тавих ерөнхий шаардлага” стандартын дагуу АНУ-ын Үндэсний итгэмжлэлийн байгууллага (ANAB)-аар Ур чадварын сорилт зохион байгуулагчаар олон улсын болон үндэсний хэмжээнд итгэмжлэгдсэн
2023
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн “Төрийн өмчит зарим үйлдвэрийн газрын талаар авах арга хэмжээний тухай” 317 дугаар тогтоолоор “Геологийн судалгааны төв”, “Геологийн төв лаборатори” -ийг нийлүүлэн “Геологийн судалгаа- шинжилгээний төв” төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болгож өөрчлөн зохион байгуулсан