Чанарын удирдлага
Итгэмжлэл
1994 онд Монгол улсад “Стандартчилал, чанарын баталгаажуулалтын тухай” хууль батлагдсантай холбогдуулан лабораторийн шинжилгээний чанарын удирдлагын тогтолцоог бий болгож, 1995 онд сорилтын лабораторид тавигдах ерөнхий шаардлагын дагуу Монгол улсын Стандарт хэмжилзүйн үндэсний төв /хуучнаар/-өөс анхны итгэмжлэлийг авсан. Шинжилгээний үр дүнгээ олон улсад хүлээн зөвшөөрүүлэх зорилгын хүрээнд 2005, 2009 онуудад ХБНГУ-ын Үндэсний итгэмжлэлийн байгууллага (DAP-хуучин нэрээр)-аар “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторид тавигдах үндсэн шаардлага ISO/IEC 17025” стандартаар олон улсын түвшинд итгэмжлэгдэж, Монгол улсын хэмжээнд анх удаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн лаборатори болсон. Үүнээс хойш чанарын удирдлагын тогтолцоог сайжруулж, үндэсний болон Олон улсын итгэмжлэлийг тогтмол бататган хадгалж байна. Өнөөдөр манай байгууллагын шинжилгээний дүн Олон Улсын Лаборатори Итгэмжлэлийн Хамтын ажиллагааны байгууллагын Харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр (ILAC MRA)-ээр дэлхийн 100 гаруй оронд хүлээн зөвшөөрөгдөж байна.




Чанарын бодлого
Бид үйл ажиллагаандаа дараах чанарын бодлогыг баримтлан ажиллаж байна. Үүнд:
- MNS ISO/IEC 17025, MNS ISO/IEC 17043 болон ISO 17034 стандартуудын хүрээнд лабораторийн бүх үе шатны үйл ажиллагаанд
- Чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлэх, уялдуулан зохицуулах, олон улсын болон үндэсний итгэмжлэлийг бататган хадгалах,
- Олон улсын геоаналитикчдын ур чадварын сорил GeoPT жилд 2 удаа тогтмол оролцож, тоон шинжилгээний олон элементийн үр дүнг олон улсад баталгаажсан үр дүнгүүдтэй харьцуулан ОУГАН-ээс ирүүлсэн тайлан, дүгнэлтээр шинжилгээний ажлын чанарыг баталгаажуулна.
Чанарын удирдлагын тогтолцоо
Шинжилгээний ажлын чанарын удирдлагын системийг 1982 оноос байгууллагын стандартын хэлбэрээр боловсруулан үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн ба 1986 оноос дахин хянан боловсронгуй болгож мөрдөн ажиллаж ирсэн. Үүнээс хойш сорилтын лаборатори, Стандартчилсан загвар үйлдвэрлэл, ур чадварын сорилт зохион байгуулагчийн шинэчилсэн шаардлагуудыг нэмэлтээр тусган боловсруулж мөрдөж байна. Энэ нь лабораторийн бүх төрлийн үйл ажиллагааг журамлан тогтоосон 39 журмаас бүрдсэн “Чанарын удирдлагын тогтолцооны журам”, мөн 37 бүлэг бүхий Чанарын гарын авлагуудыг багтаана.
Чанарын хяналт
MNS ISO/IEC 17025:2018 стандартын менежментийн хүрээнд чанарын хяналт, чанар хангалтыг хэрэгжүүлж, баталгаатай, хараат бус, үнэн зөв үр дүнг харилцагч, захиалагчдад хүргэхээр ажиллаж байна.
ГСШТ-ийн Аргачлал, чанар хяналтын хэлтэст дотоодын болон гадаадын их дээд сургуульд геологич, химич, физикч мэргэжлээр төгссөн, мэргэшсэн, туршлагатай хамт олон ажилладаг.
Лабораторийн үйлдвэрлэл, шинжилгээний ажилд олон улс (ISO), бүс нутаг (ЕРА), гадаад орны (ASTM, ГОСТ, AS), үндэсний (MNS) болон байгууллагын нийт 400 гаруй стандарт арга аргачлалыг ашиглаж байгаа бөгөөд тоног төхөөрөмжийн үйл ажиллагааны болон шинжилгээний аргын нийт 200 гаруй САЗ-ыг ашиглаж байна.
Лабораторийн шинжилгээний чанарын хяналт, чанар хангалтыг хэрэгжүүлэхдээ нийт дээжийн 10-30 хувьд аттестатчилсан стандартчилсан загвар болон түүвэр дээжийг давтан шинжилж, шинжилгээний шуурхай хяналт хийдэг.
Ур чадварын сорилтын хөтөлбөр, лаборатори хоорондын харьцуулалт, аттестатчиллын шинжилгээнд оролцох замаар шинжилгээний үр дүнд гадаад хяналтыг хийдэг бөгөөд дараах олон улсын болон дотоодын ур чадварын сорилтын хөтөлбөрүүдэд тогтмол оролцож, өөрийн шинжилгээний ажлын гүйцэтгэл болон чанарыг үнэлүүлдэг.
- GeoPT, Олон улсын геоаналитикчдын нийгэмлэг, (International Assiociation of Geoanalysts)
- RT – Copper– Round Robin Program, Оюу толгой ХХК, РиоТинто ХХК болон Чиндао-ийн гаалийн Технологийн төв, (Rio Tinto-Technology Center of Qingdao Customs)
- ITAK, Бразил Улс
- GeoStat, Австрали Улс
- CGL PT01 нүүрс, CGL PT 02 хүдэр, Геологийн судалгаа-шинжилгээний төв ТӨҮГ