Солонгосын Геошинжлэх ухаан, эрдэс баялгийн хүрээлэнгийн консорциум Солонгос-Монголын ховор металлын төв байгуулах зорилгоор газар дээр нь очиж танилцлаа.
Солонгосын Гео шинжлэх ухаан, эрдэс баялгийн хүрээлэнгийн консорциум Монгол Улсад газрын ховор металлд нэмүү өртөг шингээх болон эргэлтэд оруулахад зориулсан ховор металлын төв байгуулах асуудлаар Монгол Улсын Геологийн судалгаа-шинжилгээний төв ТӨҮГ-т зочилсон тухай мэдээ БНСУ-ын NAVER.com, Сөүлийн мэдээ, Донга шинжлэх ухааны мэдээ зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр өргөн сурталчлагдаж байна.
Жан До Мин сурвалжлагчийн хэвлэлд өгсөн мэдээнд: ODA төслөөр дамжуулан өндөр нэмүү өртөг шингэсэн ховор металлыг баяжуулах, хайлуулах дэвшилтэт технологийг Монголд хэрэгжүүлж дотоодын ховор металлын тогтвортой нийлүүлэлтийн сүлжээг бий болгох зорилгоор Ховор металлын хамтын ажиллагааны төв байгуулж, холбогдох тоног төхөөрөмж, материалыг барьж байгуулах, нэмүү өртөг өндөртэй ашигт малтмалын чиглэлээр мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх, Монгол Улсад учирч буй техникийн хүндрэлийг дэмжих зэрэг Солонгос-Монголын хамтарсан хөтөлбөрөө эхлүүлсэн.
Монголын Геологийн судалгаа-шинжилгээний Төв ТӨҮГ-ийн захирал Дуламсүрэнгийн Мөнхбаатар “Энэхүү төсөл нь Монгол Улсын эдийн засгийн хөгжилд ихээхэн түлхэц үзүүлнэ гэж үзэж, цаашид хамтын зорилгоо хэрэгжүүлэхийн төлөө бүх хүчээ дайчлах болноо” гэж хэллээ.
Энэхүү төслийн ерөнхий менежер Солонгосын Геошинжлэх ухаан, эрдэс баялгийн хүрээлэнгийн доктор Жон Хо Сок “Хамтын ажиллагааны оновчтой загвар болох Монгол төслийг амжилттай хэрэгжүүлэхийг хичээх болно” гэж байр сууриа илэрхийлэв.
